Архитектур хүмүүсийн харилцаанд нөлөөлдөг уу?
Ганцаардлын хямрал: Архитектур хүмүүсийн харилцаанд нөлөөлдөг уу?
Хүн ам улам шигүү төвлөрч буй хотуудад ганцаардал газар авсаар байна. Бидний зохион бүтээсэн орчин энэ байдалд хэрхэн нөлөөлдөг вэ?
Орчин үеийн хотуудад нэгэн сонирхолтой зөрчил ажиглагдсаар байна. Бид урьд өмнө байгаагүйгээр шигүү төвлөрөн амьдарч байгаа хэр нь хамгийн ганцаардмал үеийнхэн болоод байна. Хөршөөсөө ганц хана, нэг тагтаар л тусгаарлагддаг ч бие биеэ огт танихгүй хүмүүс шиг амьдардаг.
Бид өдөр бүр нэг нийтийн тээврээр зорчиж, завгүй хүмүүсээр дүүрэн кафед суудаг. Өндөр, хамгаалалт сайтай барилга олширсон ч хүмүүсийн харилцаа улам хөндийрсөөр байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 2023 онд ганцаардлыг нийгэмд хурдацтай өсөж буй хямрал гэж тодорхойлж, энэ нь хүний сэтгэцийн болон бие махбодын эрүүл мэндэд адил хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлдэг болохыг онцолсон. Тусгаарлагдмал байдлыг ихэвчлэн сэтгэл зүйн асуудал гэж үздэг ч түүний томоохон шалтгаан бидний бодож байгаагаас ч илүү ил, өдөр тутмын орчинд маань байж мэднэ.
Бидний зохион бүтээдэг орчин нийгмийн холбоонд нөлөөлдөг үү?
Архитектурын өнцгөөс харвал ганцаардал бол зөвхөн нийгмийн үзэгдэл биш. Архитектур хүмүүсийг шууд дотносуулж, ганцаардлыг устгаж чадахгүй нь мэдээж. Гэвч хүмүүс зогсож, уулзаж, яриа өрнүүлэх боломжийг бүрдүүлж чадна. Модны сүүдэр дэх сандал, дундын эзэмшлийн талбай, цайны газар, тэр ч байтугай шатны талбай хүртэл танихгүй хүмүүсийг танилцуулах орон зай болж чадна.
Барилга нийгмийн харилцааг хязгаарлах үед
Өнөөгийн хотуудыг юуны түрүүнд хурд, тав тухыг бодож төлөвлөдөг. Өндөр орон сууцны хотхонууд газар нутгийн ихэнхийг эзэлж, гудамж зам автомашинд илүү зориулагдаж, технологи гэрээсээ гаралгүйгээр өдөр тутмын хэрэгцээгээ хангах боломж олгосон. Хоол хүргэлтээр ирж, уулзалт цахимаар болж, худалдан авалтын ихэнх нь онлайн болсон. Эдгээр нь ашигтай хэдий ч өдөр тутмын санамсаргүй харилцааг эрс багасгасан.
Данийн архитектор Ян Гейл (Jan Gehl) нийгмийн амьдралын чанар нийтийн эзэмшлийн орон зайнаас шууд хамаардаг гэж тэмдэглэсэн байдаг. Гудамж бол зүгээр нэг дамжин өнгөрөх коридор биш, хүмүүс бие биеэ харж, мэндэлж, өөрсдийгөө нийгмийн нэг хэсэг гэдгээ мэдэрдэг газар юм. Ийм боломж алга болохын хэрээр хот бие биетэйгээ холбоотой иргэдийн бус, ганц ганцаараа амьдардаг хүмүүсийн цуглуулга болох эрсдэлтэй.
Энэ байдал нийгмийн харилцааг тооцоолоогүй олон барилгад тод харагддаг тул ганцаардлыг зөвхөн сэтгэл судлалын асуудал бус, илүү өргөн хүрээнд авч үзэх шаардлагатай.
Харилцаа үүсгэдэг орон зай
Хүмүүсийн харилцаа урьдчилан төлөвлөгдөх нь ховор. Харин нийтийн орон зай, гадаа талбай, номын сан, цайны газар зэрэг нь санамсаргүй харилцааг бий болгодог. Ийм газар бидэнд ямар нэг хүлээлтгүйгээр харилцах боломж олгож, ойр дотно мэдрэмж төрүүлдэг.
Архитектурыг ийм санамсаргүй учралын тайз гэж хэлж болно. Америкийн хот судлаач Уильям Уайтын (William H. Whyte) ажиглалт хүмүүс бусад хүмүүс байгаа газар руу татагддагийг харуулсан. Үүнтэй төстэйгөөр социологич Рэй Олденбург (Ray Oldenburg) кафе, цэцэрлэгт хүрээлэн зэргийг гэр, ажлын байрнаас бусад «гуравдагч орон зай» (third place) хэмээн тодорхойлсон байдаг. Эдгээр газар энгийн мэт харагдавч нийгмийн тусгаарлалыг бууруулахад чухал үүрэгтэй.
Эндээс архитектур зөвхөн оромж бус, нийгмийн дэд бүтэц болохыг харж болно.
Бид юуг алдсан бэ?
Нийгмийн тусгаарлал дэлхий нийтийн түгшүүр болохоос өмнө уламжлалт төлөвлөлт энэ асуудлыг аль хэдийн шийдсэн байжээ. Тухайлбал, Балба, Энэтхэгийн олон нутагт гудамж руу нээлттэй веранда, олон нийтийн сүм хийд, хүмүүсийг нэгтгэдэг баяр наадмын ачаар өдөр тутмын харилцаа аяндаа өрнөдөг.
Балбын уламжлалт барилгын гудамж руу нээлттэй веранда
Харин орчин үеийн бүтээн байгуулалт хувь хүний орон зайг илүүд үздэг. Өндөр хана нээлттэй верандыг халхалж, цахилгаан шат энгийн шатыг орлож, нийтийн цэцэрлэгийг хувийн тагт сольж байна. Ийм шийдэл өөрчлөгдөж буй амьдралын хэв маягийг тусгаж байгаа ч нөгөө талаар хөршүүд бие биеэ таних боломж буурсаар байна.
Энэ нь архитектур хүний зан төлөвт хэрхэн нөлөөлдгийг харуулж буй хэрэг. Олон нийт цуглардаг газар алга болоход нийгмийн харилцаа зөвхөн хувь хүний санаачилгаас хамаарах болж, улмаар ховордоно.
Нийгэмд зориулан бүтээх нь
Хэрэв архитектур ганцаардалд нөлөөлдөг юм бол харьяалагдах мэдрэмжийг ч мөн бий болгож чадна. Дэлхий даяар олон мэргэжилтэн хувь хүний орон зай болон нийгмийн харилцааг оновчтой хослуулах шийдлийг эрэлхийлсээр байна.
Хамтын амьдралын (co-housing) орон сууцны цогцолбор, дундын цэцэрлэг, номын сан, нийтийн гал тогоо, явган хүнд ээлтэй гудамж, олон зориулалттай барилга, орон зай зэрэг нь хүмүүсийг албадалгүйгээр өдөр тутам харилцах боломжийг бүрдүүлдэг. Хүмүүсийн харилцааг дэмжих орон зайг төлөвлөх нь сүр жавхлантай томоохон талбай байгуулахаас илүүтэй өдөр тутмын харилцаа өрнөх жижиг орон зайд анхаарахтай холбоотой байж болох юм.
Гол санаа нь хувийн орон зайг халахад бус, түүнийг нийтийн орон зайтай тэнцвэржүүлэхэд оршино. Сайн архитектор хүний амьдралын чанар зөвхөн тав тухаар хязгаарлагдахгүй, утга учиртай нийгмийн харилцаанаас хамаардгийг ойлгодог.
Хямралын үеийн сургамж
Иргэд өөрсдөө бий болгосон цугларах газрын зарим жишээ хямралын үед гарч ирсэн байдаг. Түр хоргодох байрыг иргэд өөрсдөө тохижуулж, үйлчилгээний цэг байгуулж байсан нь хүн угаасаа бүлэглэн нэгдэх хандлагатайн нэг жишээ юм.
Хүмүүсийн дулаан харилцаа түр хоргодох байрыг хүртэл аятай тухтай болгож чадсан нь нийгэмд оролцох хүсэл хүнд гүнзгий шингэснийг харуулна.
Ийм нөхцөлд ч дулаан харилцаа үүсэж байгаа юм бол хотод яагаад тийм харилцаа бий болохгүй байна вэ гэдгийг архитекторууд өөрсөддөө асуух хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, гол асуулт нь архитектур нийгмийн харилцааг бүтээж чадах эсэх биш, аяндаа үүсдэг харилцааг дэмжиж чадах эсэхэд оршино.
Архитектур ганцаардлыг арилгаж, албадан нөхөрлөл үүсгэж чадахгүй. Харин түүнийг дэмжих орчныг бүрдүүлж чадна.
Хотууд тэлэхийн хэрээр бид сайн хотыг зөвхөн хурд, хүн амын нягтрал, аюулгүй байдлаар нь бус, хүнлэг чанараар нь дүгнэх ёстой.
Магадгүй сайн архитектурын хамгийн чухал шалгуур нь хэчнээн олон хүн багтааж байгаад бус, тэнд хэр олон утга учиртай холбоо үүсч байгаад оршдог болов уу.
Зохиогч: Аншуа Нироула (Anshua Niroula)
Орчуулсан: Энхмэнд /Translator
Редактор: А.Саруул
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээгээрэй.
